Монголын Хуульчдын холбоо болон “Улаанбаатар хотын даатгал” ХХК нь хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын Хуульчдын холбоо болон “Улаанбаатар хотын даатгал” ХХК нь харилцан мэдээлэл солилцох, даатгалын шинэлэг үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  
     Энэхүү үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхболд нар санамж бичгийг үзэглэж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс,  “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн Даатгал хариуцсан дэд захирал А.Мөнхбазар нар оролцсон юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байх үүрэгтэй билээ. “Улаанбаатар хотын даатгал” ХХК нь өмгөөлөгчдийн хэрэгцээнд нийцсэн ЦАХИМ даатгалын үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор энэхүү даатгалын бүтээгдэхүүний үр ашигтай, цаг хугацаа хэмнэсэн байдлыг дэмжиж ажиллахаа Монголын Хуульчдын холбооны зүгээс албан ёсоор мэдэгдлээ.
Технологийн хөгжилд суурилсан аюулгүй цахим орчинд өөрийн мэргэжлийн хариуцлагаа цаг алдалгүй шилжүүлэн, цаасны хэрэглээг хязгаарлаж илүү ухаалаг шийдлийг дэмжсэн энэхүү үйлчилгээ нь та болон бидний өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбар болгох боломжийг бий болгоод байна.
МХХ-ны Тамгын газрын дарга Ц.Ганболд            "Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн захирал М.Энхболд